2009/09/02

ESPN хэрхэн дэлхийн тэргүүлэгч спорт медиа брэнд болсон вэ?


Удахгүй болох гэж буй ESPN-ийн 30 жилийн ойг тохиолдуулан, түүний амжилтын түүхийн талаар сонирхуулья. Билл Расмассэн өөрийн хүү Скот Расмассэнтэй хамтарч ESPN-ийг анх байгуулсан бөгөөд 1979 оны 9-р сарын 7-нд албан ёсоор үүд хаалгаа нээжээ. Хоёрхон давхар жижиг оффис дотор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ESPN, гучхан жилийн дотор дэлхийн номер нэг спорт брэнд болж чадсан юм. 2007 онд Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн шилдэг спорт брэндүүдийн жагсалтанд ESPN тэргүүлж, 7.5 тэрбум долларын үнэ цэнэтэй брэнд болох нь тогтоогджээ. Ийнхүү, “Спортын дэлхийн тэргүүлэгч” гэсэн уриан доор өөрсдийгөө зарлах болсон нь ямар ч ор үндэслэлгүйгээр өөрсдийгөө ингэж зарладаг олон компаниудын слоганаас онцгой ялгардаггүй аж. Эцэг хүү Расмассэн мэргэжлийн мөсөн хокейн баг New England Whalers-д ажилдаг байсан бөгөөд 1977 онд хоёул халагдсанаар өөрсдийн шинэ бизнесээ санаачилжээ. Расмассэний бизнесийн санаа нь спортоор мэргэшисан шинэ кабелийн телевиз байгуулах явдал байсан ба тухайн үед кабелийн телевиз нь харьцангуй шинэ ойлголт байжээ. Өдөр шөнөгүй ажиллах чадалтай хиймэл дагуулын тэжээл худалдаж авах нь шөнө цөөхөн цаг ажиллах хэд хэдэн телевизийн блок худалдан авсанаас хамаагүй хямд болохыг мэдсэн Билл, дэлхийн хамгийн анхны 24 цагийн спорт кабелийн телевизийг байгуулахаар шийдсэн. Ингээд Билл өөрийн бизнес санаагаа хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэж, он солигдохоос өмнө боломжит бүхий л спортын төлөөлөгчид, кабелийн операторууд болон хөрөнгө оруулагч нартай улзсан байна. Түүний уулзсан бүх хүмүүсийн дунд маш олон үл итгэгчид, цөөн хэдэн итгэгчид байв. Гэсэн ч Билл шийдвэрээсээ няцаагүй бөгөөд үл итгэгч нарыг итгэгч болгох зорилго тавьсан юм. Ингээд шатахуун нийлүүлэгч Getty Oil компанийн санхүүжилтийг олж, хамгийн анхны хөтөлбөр болох спорт мэдээний SportCenter хөтөлбөрөө олон нийтэд дамжуулжээ. Тэр цагаас хойш SportCenter хөтөлбөр өдөр бүр цацагдаж, 2007 оны 2-р сарын 11-нд 30000 дугаар цуврал нь тавигдсан байна.

Түүхээс нь эргэн сөхөхөд, ESPN байгуулагдсан дороо тийм ч амжиллтай байгаагүй бөгөөд 24 цагаа нөхөх спорт хөтөлбөрүүд амархан олддогүй байсан аж. Харин 1987 онд улсын хөл бөмбөгийн шигшээ багийн тоглолтыг Ням гаригийн орой нэвтрүүлэх эрхийг олж авсанаар компанийн хувь тавилан орвонгоороо эргэжээ. Удалгүй ESPN бусад өрсөлдөгчидөө хол давсан ба энэ амжилтын нууц нь тэд хамгийн шилдэг сурвалжилагч нарыг өөртөө ажиллуулдаг байсан явдал юм. ESPN-ийн сурвалжилагчид бүгд тодорхой спортын төрлөөр нарийн мэргэшсэн хүмүүс байсан төдийгүй олны дунд алдар цуутай байжээ. ESPN брэнд болоход түүний хэрэгжүүлдэг байсан кино нь доторх зар сурталчилгаа тус болжээ. Тэрээр, спорт агуулгатай олон холливудын кинонд өөрсдийнхөө хамгийн алдартай хөтлөгч, сурвалжилагчдаа тоглуулдаг байсан юм. 1990 оноос хойш ESPN олон шинэ салбаруудаа байгуулж эхэлсэн. Үүнд, 1993 онд ESPN2, 1996 онд ESPNews,1997 онд ESPN Classic, 2005 онд ESPNU тус тус байгуулагджээ. ESPN International аль 1990 оны ихээр байгуулагдсан бөгөөд өсөн нэмэгдэж буй сансрын антеннын давуу талыг ашиглан Ази, Афик, Латин Америкийн зах зээлд нэвтэрсэн. Харин ESPN дөнгөж 2004 онд Европын зах зээлд нэвтэрсэн хэдий ч хурдан олны танил болжээ. 1994 онд ESPN доктор Ричард Лукерийн ачаар ESPN Sports Poll-ийг зохион бүтээжээ. Энэ нь спорт сонирхогчдын зан төлөв, үзэл бодлыг АНУ-ын хэмжээнд, өдөр болгон үргэлжилсэн маягаар авдаг хамгийн анхны судалгаа юм. 1995 онд Walt Disney компани ESPN-ийн хувьцааны 80 хувийг эзэмших болсоноор түүний удирдлагыг гартаа авчээ. 1996 онд ESPN-ийн ерөнхий захирал Стив Борнстайн нэгэн зэрэг ABC Sports телевизийн сувгийн ерөнхий захиралаар томилогджээ. Үүнээс хойш ESPN болон АВС Sports тун дотно болсоор, 2006 онд үйл ажиллагаагаа нэгтгэх шийдвэр гаргаж, өдгөө ABC Sports-ийн бүх хөтөлбөрүүд “ESPN on ABC” нэрэн доор цацагдаж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь, ABC Sports хуулийн дагуу ESPN-ээс салангид бие даасан байгууллага юм. Компанийг амжилтын тавцанд хүргэсэн бас нэгэн зүйл бол ESPN шинэ технологи, шинэчлэлтэнд үргэлж бэлэн байж, түүнийг хурдан шуурхай нэвтрүүлдэг байсан явдал юм. 1998 онд ESPN агаараас шууд бичлэг хийх "Skycam"-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь олны талархалыг хүлээжээ. Түүнчлэн, ESPN харилцагчдыг өөртөө татаж, тэдэнтэй маш ашигтай гэрээ байгуулж чаддаг байсан аж. ESPN-ийн хамгийн анхы зар сурталчилгаа захиалагч нь Anheuser-Busch байсан бөгөөд Билл Расмассэн түүнтэй 1.4 сая ам.долларын гэрээ байгуулсан нь кабелийн телевизийн түүхэнд хамгийн том гэрээ болжээ. ESPN олон спорт хөтөлбөрүүдийг шууд болон шууд бусаар нэвтрүүлсээр ирсэн бөгөөд янз бүрийн содон спортын төрлүүд, коллежуудын дунд явагддаг тэмцээнүүд гэх мэт тэр болгон телевизүүдээр цацагдаад байдаггүй нэвтрүүлгүүдийг үзэгчдэд хүргэдэг онцлогтой билээ. Өнөөдөр ESPN 200 гаруй улс оронд, 15 хэлээр цацагдаж байна. ESPN хамгийн үнэтэй кабелийн суваг хэдийч АНУ-д 98 сая өрх захиалж үздэг. Apple Inc, FedEx зэргийн олон томоохон компаниуд 15-30 насны эрэгтэй хэрэглэгчдэд хүрэхийн тулд зар сурталчилгааны цаг худалдаж авсаар байна. ESPN-ээс зар сурталчилгааны цаг худалдаж авахад 30 секунд нь 9,446 ам. доллар бөгөөд нийт орлого нь дундажаар 441.8 сая доллар болдог. Ингээд бодоход, ESPN үнэхээр үл итгэгчдийг итгэгчид болгож чадсан юм.


No comments:

Post a Comment