2009/08/31

Фотошопоор тоглосон Майкрософт компанийн сургамж


Майкрософт мэтийн олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийн бизнесээ тухайн улсын хэрэглэгчдэд нь тохируулж эрхлэх нь элбэг. Гэхдээ энэ удаад, Майкрософт компани арай хэтрүүлсэн бололтой. Өнгөрсөн долоо хоногт ширээ тойрон суугаа ажилчдын зураг Майкрософтын америк веб хуудсан дээр тавигджээ. Харин энэ веб хуудасны польш хувилбар дээр нь хар арьстай ажилчны толгойг Фотошоп ашиглан цагаан арьстанаар солисон байжээ. Сайн ойртоод харвал, цагаан арьстай болсон ажилчны гар нь хар арьстай хэвээр үлдсэн байв.
Програм хангамжийн салбарын тэргүүлэгч Майкрософт корпораци ийм алдаа гаргасандаа уучлалт гуйж, өнөөх зургаа тэр дор нь буулгасан байна. Гэсэн ч энэ явдал аль хэдийн интернетээр шуугиан тарьж амжьсан бөгөөд зургийг олон хүмүүс өөрсдийн блог дээрээ байрлуулсан гэнэ. Зарим хүмүүс Майкрософтыг арьс өнгөөр ялгаварлалаа гэж дургүйцэж байсан бол зарим нь арай тайвнаар хүлээн авч, харьцангуй жигд цагаан арьстануудаас бүрдсэн Польш хүн амд зориулсан юм байлгүй дээ хэмээн зөвтгөжээ. Ямартай ч байсан, энэ Майкрософтод том сургамж болсон ба бусад маркетерүүдэд зөвлөхөд : “Ганц улсын төлөө ажилах үедээ ч глобаль хэмжээнд сэтгэ! Таны хэрэглэгчид үргэлж таны бодож байгаагаас илүү өргөн хэмжээ хязгаарт оршидог гэдгийг бүү март!”.

2009/08/30

Маркетингийн богино түүх

Хуучин маркетингийн тактикууд ашиглалтнаас гарчээ! гэж энийг л хэлэх байхдаа. Үнэхээр маркетинг хурдан хувьсаж байна. Маркетерүүд бид байнга л юм уншиж, мэдээлэлээ шинэчилж байхгүй бол амархан хоцрогдоно шүү. За тэр ч яахав, энэ бичлэгийн хариултанд та ч гэсэн хариулах гээд оролдоорой : Хэрэглэгчдийн зар сурталчилгаанд хандуулах сонирхолыг хэрхэн сэргээх вэ?

2009/08/28

Интернетийн эдийн засгийн үр ашгийг тооцоолсон нь

Дэлхийн тэргүүлэгч маркетингийн судалгааны байгууллага, TNS саяхан интернет хэрэглэгчид ямар зорилгоор интернет ухдаг болохыг тодорхойлжээ. Үүнд хэрэглэгчид :
1. Мэдээлэл хайх (81%)
2. Мэдээ унших (76%)
3. Онлайн банк ашиглах (74%)
4. Цаг агаар харах (65%)
5. Худалдан авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хайх (63%)
6. Брэнд эсвэл бүтээгдэхүүний веб-сайтаар зочилох (61%)
7. Төлбөр тооцоо хийх (56%)
8. Бичлэг үзэх (51%)
9. Үнийн харьцуулалт хийх (50%)
10. Хөгжим сонсох (44%) зорилгоор интернетээр хэсдэг байна.
Өнөө үед эдгээр зорилгуудыг интернет ашиглан саадгүй биелүүлж болно. Үнэгүй мэдээ мэдээлэл, зугаа цэнгэл, харилцаа холбоо, худалдаа наймаа, тэр ч байтугай сонгууль өгөх боломжийг гагцхүү интернетийн сүлжээ олгож байна. Энэ нь мөн бидний нийгмийн амьдарлыг өөрчилсөөр байгаа билээ.
Интернет эдийн засагт хэр их хэмжээний үр ашиг авчирсан вэ? Энэхүү асуултанд хариулах анхны том хэмжээний судалгааны тайлан энэ оны зургадугаар сард нийтлэгджээ. Судалгааг Interactive Advertising Bureau (IAB) – аас зохион байгуулсан бөгөөд Харвард, Камбриджийн нэртэй профессорууд судалгааг авсан байна. Судалгааны үр дүнд АНУ-ын эдийн засагт интернетийн оруулсан хувь нэмэрийг тооцоолж гаргажээ. Гол үр дүнгээс сонордуулахад :
· Интернетийн ачаар АНУ-д өнөөдөр 1.2 сая хүн шууд ажлын байртай болсон бөгөөд шууд бус ажлын байртайгаа нийлээд нийтдээ 3.05 сая хүн ажлын байртай болоод байна. Тэдний олж байгаа цалин нь 300 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа ба энэ нь АНУ-ын ДНБ-ний 2 орчим хувь юм.
· АНУ-ын эдийн засагт оруулж буй интернетийн шууд эдийн засгийн үнэ цэнэ нь 175 тэрбум ам.доллартай тэнцжээ. Үүнээс 20 тэрбумыг нь зар сурталчилгааны үйлчилгээ, 85 тэрбумыг нь жижиглэн худалдаа, 70 тэрбумыг нь интэрнэт үйчилгээ тус бүр бүрдүүлж байна. Шууд бус үнэ цэнийг нь тооцвол нийтдээ 444 тэрбум ам.долларын үнэ цэнийг интернет бий болгож байгаа юм.
· Одоогоор АНУ-д 190 сая хүн, сард дунджаар 68 цаг интернетэд суудаг ажээ. Энэ цаг хугацааг мөнгөн дүнд шилжүүлвэл 680 тэрбум ам.доллар болно гэж тооцоолсон байна.
· Интернетийн ачаар мөн жижиг бизнесүүд өсөн нэмэгдэж байна. Одоогоор 20 мянга гаруй интернетэд суурилсан жижиг бизнесүүд АНУ-д үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
Интернет эдийн засагт оруулж байгаа эдгээр хувь нэмэрээс гадна бусад тоогоор илэрхийлэхэд бэрхшээлтэй ашиг тусыг нь мартаж болохгүй билээ. Үүнд интернет бүтээмжийг дээшлүүлж, шинэчлэлийг хурдасгаж , харилцаа холбоог сайжруулж (АНУ-д гэр бүл бологчдын 19% нь интернетээр танилцасан байна) , тэр байтугай байгаль орчин хамгаалахад (цаас, шатахуун зэрэг байгаль орчин бохирдуулагч бүтээгдэхүүний хэрэгцээ буурсан) эерэгээр нөлөөлж байна.

2009/08/27

Хэрэглэгчийн шийдвэр гаргах хэв маягууд

Хэрэглэгчид хэрхэн шийдвэр гаргадаг талаар та мэдэх үү? Хэрэглэгчийн шийдвэр гаргах хэв маягийг цогцолбор (complex decision making) болон нэгэн хэвийн шийдвэр гаргах (routinized decision making) хэв маяг гэж хоёр хувааж болно. Цогцолбор шийдвэр гаргах хэв маягийн үед хэрэглэгч бүтээгдэхүүний талаар их хэмжээний мэдээлэл цуглуулж, бусад сонголтуудтай харьцуулах ба сайтар бодож тунгаасны эцэст худалдан авах шийдвэр гаргадаг байна (жишээлбэл, машин эсвэл орон сууц худалдан авах үед). Харин нэгэн хэвийн шийдвэр гаргах хэв маягийн үед хэрэглэгч олон зүйл бодож хайхгүйгээр, өөрийн хэрэглэж заншисан бүтээгдэхүүнээ хялбар бөгөөд түргэн сонгодог. Мэдээжийн хэрэг шүдний оо худалдан авах нь машин эсвэл орон сууц худалдан авахаас хамаагүй хялбар бөгөөд олон зүйл хайх шаардлагагүй байдаг билээ.

Цогцолбор шийдвэр гаргах хэв маяг

Хэрэглэгчид ихэвчлэн өндөр үнэтэй бүтээгдэхүүн (машин, орон сууц) , хүний биед сөргөөр нөлөөлж болох өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн (эм, зарим гоо сайхны бүтээгдэхүүн), олон үзүүлэлт, шинж чанартай бүтээгдэхүүн (комьютер, гар утас), хувийн нэр хүндэд нөлөөлөх бүтээгдэхүүн (бугуйн цаг, гутал) зэргийг худалдан авахдаа цогцолбор хэв маягаар шийдвэр гаргадаг байна.

Цогцолбор хэв маягаар худалдан авалт хийхэд бүтээгдэхүүний төрөлөөс гадна бусад өөр хүчин зүйлүүд нөлөөлж болно. Тухайлбал, яаралтай шаардлага гарсан үед бүтээгдэхүүн хичнээн өндөр үнэтэй байсан ч хэрэглэгч нүдээ аниж байгаад нэгийг сонгоод авч болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний талаар мэдээлэл хайх, түүний талаар бодож тунгаах цаг хугацаа байхгүй үед хэрэглэгч цогцолбор хэв маягаар шийдвэр гаргахгүй байж болно. Мөн бүтээгдэхүүний талаар хангалттай үнэн бодит мэдээлэл байхгүй эсвэл өөр харьцуулах бүтээгдэхүүн байхгүй үед хэрэглэгч цогцолбор шийдвэр гаргахын оронд нэгэн хэвийн шийдвэр гаргаж болдог.

Нэгэн хэвийн шийдвэр гаргах хэв маяг

Нэгэн хэвийн шийдвэр гаргах хэв маяг нь ихэвчлэн хэрэглэгчийн зуршилтай холбоотой байдаг ба хямд болон өдөр тутамын хэрэглээний бүтээгдэхүүн худалдаж авах үед хэрэглэгддэг хэв маяг юм. Бид өөрсдийн өдөр бүр хэрэглэж заншисан шүдний оо, угаалгын нунтаг, талх, сүү зэргийг худалдаж авахын тулд толгойгоо гашилгаж суудаггүй билээ. Нэгэн хэвийн шийдвэр гаргах хэв маяг нь брэнд үнэнч байдалтай нягт холбоотой. Нөгөө талаас, хэрэглэгч тухайн төрлийн бүтээгдэхүүнд чухал ач холбогдол өгдөггүйтэй холбоотой байж болно.

Стратегийн ач холбогдол

Хэрэглэгчийн шийдвэр гаргах хэв маягийг ийнхүү хоёр хуваах нь өөрийн стратегийн ач холбогдолтой юм. Маркетерүүд өөрсдийн хэрэглэгчдээ ямар хэв маягаар шийдвэр гаргаж байгааг нь судалж, түүний дагуу стратегиа тодорхойлно. Үүнд :

  • Бүтээгдэгдэхүүн

· Нэгэн хэвийн хэв маягаар шийдвэр гаргадаг бүтээгдэхүүн бол : Хэрэв бүтээгдэхүүн аль хэдийн олны танил брэнд болж чадсан бол одоо түүнийгээ зах зээлийн тэргүүлэгч болгох хэрэгтэй. Учир нь хэрэглэгчид аль болох мэдээлэл хайх, харьцуулалт хийх болон эрсдэл хүлэхээс зайлсхийх тул аль болох эрсдэл багатай зах зээлийн тэргүүлэгч брэндийг шууд сонгодог байна. Мөн хэрэглэгчийн брэндэд үнэнч байдлыг хадгалж үлдэх улмаар түүнийг нэмэгдүүлэх нь чухал. Хэрэв бүтээгдэхүүн хараахан олны танил болж чадаагүй байгаа бол түүндээ өвөрмөц шинж чанар бий болгох хэрэгтэй.

· Цогцолбор хэв маягаар шийдвэр гаргадаг бүтээгдэхүүн бол : Бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх стратеги баримтлах хэрэгтэй. Түүнчлэн бүтээгдэхүүнтэйгээ хавсаргаж янз бүрийн нэмэлт үйлчилгээ санал болгох нь үр дүнтэй.

  • Хуваарилалт

· Нэгэн хэвийн хэв маягаар шийдвэр гаргадаг бүтээгдэхүүн бол : Бүтээгдэхүүнээ боломжит бүхий л хуваарилалтын сувгаар эрчимтэй түгээх хэрэгтэй. Учир нь хэрэглэгчид эдгээр бүтээгдэхүүнийг лангуун дээр байрласан байхыг хараад, түүнийг худалдаж авах талаар санадаг.

· Цогцолбор хэв маягаар шийдвэр гаргадаг бүтээгдэхүүн бол : Хуваарилалтын сувгаа сонгохдоо болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд өөрийн бүтээгдэхүүний дүр төрхөд нийцсэн борлуулалтын сувгийг сонгох хэрэгтэй. Тохиромж муутай борлуулалтын сувгаар бүтээгдэхүүнээ түгээх нь хэрэглэгчийн таны бүтээгдэхүүнд өгч байгаа ач холбогдол, сонирхолыг буруулах ба бүтээгдэхүүний дүр төрхийг гутаах аюултай.

  • Идэвхижүүлэлт

· Нэгэн хэвийн хэв маягаар шийдвэр гаргадаг бүтээгдэхүүн бол : Зар сурталчилгааг сануулах зорилгоор явуулах нь илүү үр дүнтэй байх ба нуршуу агуулгатай зар сурталчилгаа явуулахаас зайлсхий. Мөн зар сурталчилгаагаа аль болох давтамж өндөртэй байхаар түгээх хэрэгтэй. Дэлгүүр дотроо янз бүрийн борлуулалтын урамшуулал явуул. Учир нь ихэнх хэрэглэгчид дэлгүүр дотор орсоныхоо хойно худалдан авах талаар шийдвэр гаргадаг.

· Цогцолбор хэв маягаар шийдвэр гаргадаг бүтээгдэхүүн бол : Мэдээлэх зар сурталчилгаа хамгийн үр дүнтэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл олгох хэрэгтэй (гэхдээ хэт залхаасан болон худал хуурмаг байж болохгүй). Зар сурталчилгааныхаа сувгийг тодорхой зорилтот хэрэглэгчдэд хандуул. Жишээлбэл, автомашин сонирхогчдод зориулсан веб хуудсан дээр байрлуулах. Мөн биечилсэн худалдаа зохион байгуулах нь үр дүнтэй байна.

  • Үнэ

· Нэгэн хэвийн хэв маягаар шийдвэр гаргадаг бүтээгдэхүүн бол : Хэрэв хэрэглэгчид өрсөлдөгчийн брэнд бүтээгдэхүүнд үнэнч, түүнийг хэрэглэсээр байгаа бол бүтээгдэхүүндээ тусгай хямдрал зарла. Эсвэл бүтээгдэхүүнээ үнэгүй туршихаар олгох хэрэгтэй. Хамгийн гол нь хэрэглэгч таны бүтээгдэхүүнийг туршиж үзэх ёстой юм. Учир нь хэрэглэгч өөрийн дадаж заншисанаараа өрсөлдөгчийн бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа болохоор тэр болгон таны бүтээгдэхүүнийг туршиж үзэхгүй.

· Цогцолбор хэв маягаар шийдвэр гаргадаг бүтээгдэхүүн бол :

Хэрэглэгчдийн үнийн мэдрэмж бага байх тул үнээр өрсөлдөх нь ашиггүй бөгөөд зарим тохиолдолд осолтой. Хямд үнийн цаана чанар муутай бүтээгдэхүүн байдаг гэж хэрэглэгчид ойлгодог тул байнга худалдаж аваад байдаггүй, өндөр эрсдэлтэй, нэр хүндийг тодорхойлох бүтээгдэхүүн худалдан авахдаа аль үнэтэйгээс нь сонгох нь хэрэглэгчдийн дунд элбэг тохиолддог.

Доорх хүснэгтэнд хэрэглэгчийн шийдвэр гаргах хоёр хэв маягийг нэгтгэн дүгнэлээ.


Цогцолбор ба хялбар шийдвэр гаргах хэв маягуудын харьцуулалт

Нэгэн хэвийн шийдвэр гаргах хэв маягийн онцлог

Цогцолбор шийдвэр гаргах хэв маягийн онцлог

  • Хэрэглэгчийн мэдээлэл хайх, харьцуулалт хийх түвшин бага
  • Ойр ойрхон худалдаж авдаг бүтээгдэхүүнүүд
  • Хямд үнэтэй бүтээгдэхүүнүүд
  • Хэрэглэгч бага ач холбогдол өгдөг бүтээгдэхүүнүүд
  • Бүтээгдэхүүнийг зөвхөн ганц үзүүлэлтээр нь бусад бүтээгдэхүүнүүтэй харьцуулдаг.
  • Хэрэглэгчийн мэдээлэл хайх, харьцуулалт хийх түвшин өндөр
  • Ховор тохиолдолд, хаяа нэг худалдаж авдаг бүтээгдэхүүнүүд
  • Өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд
  • Хэрэглэгч өндөр ач холбогдол өгдөг бүтээгдэхүүнүүд
  • Бүтээгдэхүүнийг олон үзүүлэлтүүдээр нь бусад бүтээгдэхүүнүүдтэй харьцуулдаг.

Стратегийн ач холбогдол


  • Борлуулалт, хуваарилалтын сувгаа аль болох нэмэгдүүлэх
  • Биечилсэн борлуулалт үр дүн муутай
  • Борлуулалтын урамшуулал үр дүнтэй
  • Сануулах зар сурталчилгаа явуулах
  • Үнийн мэдрэмж өндөр
  • Борлуулалт, хуваарилалтын сувгаа нарийн шилж сонгох
  • Биечилсэн борлуулалт өндөр үр дүнтэй
  • Борлуулалтын урамшуулал үр дүн муутай
  • Мэдээлэх зар сурталчилгаа явуулах
  • Үнийн мэдрэмж бага