2009/09/18

Cluetrain Manifesto


Хэрэв та нэг мэргэжлийг олон жил сурч байж, өндөр үнээр олж авсан байтал нэг л өдөр тэр тань огт хэрэгцээгүй болчихвол та яах вэ? “The Cluetrain Manifesto” -г уншихад надад түрхэн зуур яг тийм сэтгэгдэл төрж байсан юм. Түүнд дэвшүүлсэн санаагаар бол маркетерүүд бидний хийж сурсан стратегийн төлөвлөгөө боловсруулах, зах зээлийн судалгаа хийх, зар сурталчилгааны хөтөлбөр хэрэгжүүлэх гээд зөндөө олон уламжлалт маркетингийн мэдлэг, ур чадвар, түүнтэй холбоотой ном зохиолууд тун удахгүй ашиглалтнаас гарах аж. Cluetrain Manifesto гэж яг юу вэ? гэвэл байгууллагууд болон хувь хүмүүсийг интернетийн шинэ ертөнцөд нэгдэхийг уриалсан “95 сэдэв” бүхий тунхаг бичиг гэж ойлгож болно. Түүнийг Chris Locke, Doc Searls, David Weinberger, Rick Levine зэрэг зохиолчид хамтарч бичсэн бөгөөд 2000 онд түүнийгээ ном болгон хэвлүүлжээ. “95 сэдэв” гэж нэрлэх болсон нь 16-р зууны Христын протестант хөдөлгөөнийг санаачлагч Мартин Лютерийн 95 сэдвээс иш татсан юм. Харин “Cluetrain” гэдэг нь “The clue train stopped there four times a day for ten years and they never took delivery”- гэсэн алдарт хэлц үгнээс гаралтай.
Миний мэддэг маркетинг ор сураггүй алга болчихно гэдэгт би хувьдаа 100 хувь итгэхгүй байна. Гэхдээ арван жилийн өмнө бичигдсэн энэхүү тунхаг бичиг өнөөдөр улам бүр биелэлээ олоод байгаа юм. Хэрэв Cluetrain Manifesto-г арван жилийн өмнө уншсан бол итгэхэд хэцүү л байх байсан ба түүнийг ойшоож байсан хүмүүс ч цөөхөн байсан юм. Харин өнөө үед social media, web 2.0 гээд шинэ харилцааны сувгууд үүсч байгаа нь Cluetrain Manifesto-гийн номлолыг биелэх бүрэн боломжтой болгоод байгаа бөгөөд хүмүүс түүний номыг нь дахин сөхөж харцгааж байна.
Cluetrain Manifesto бизнесийн өнөөгийн хэв маягийг интернет эрс өөрчлөх талаар хүмүүс болон байгууллагуудад дохио өгөхийг оролдсон юм. Интернет бидний амьдралыг хүчтэй өөрчилсөн гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Гэхдээ интернет нь хүмүүсийн амьдралыг өнөөдрийнхөөс хамаагүй илүү өөрчлөх зорилгоор бүтээгдсэн аж. Интернет хүмүүсийг дэлхийн аль ч өнцгөөс хоорондоо 24 цаг холбогдох боломжтой болгосноор цоо шинэ хувьсалыг эхлүүлсэн. Хэрэглэгчид хоорондоо холбоотой болсноор, тэдний дунд мэдээлэл солилцоо улам хурдан явагдаж, тэд нэг л өдөр байгууллагуудаас ч илүү мэдээлэлтэй, ухаантай болцгооно. Энэ үед зар сурталчилгаа зэрэг байгууллагын хэрэглэгчдээр манипуляци хийх гэсэн аливаа оролдлого бүтэлгүй болж, ашиглалтнаас гарна. Хэрэглэгчид өөрт хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээ олж авахдаа байгууллагуудын биш бусад хүмүүсийн зөвлөгөөг сонсдог болно. Та бодоод үз л дээ, хэрэглэгчид өнөөдөр зар сурталчилгаанаас хичнээн их залхсан билээ. Зар сурталчилгааны арга хэрэгсэлүүд улам нарийн овжин болоод ч хэрэглэгчдэд хүрэхээ болиод байна. Иймээс удахгүй хэрэглэгчид зар сурталчилгаа үзэж байхын оронд илүү найдвартай эх сурвалж болох өөрийн найз нөхөдөөсөө интернетээр ямар бүтээгдэхүүн үйлчилгээг хаанаас яаж олж авах талаар асуудаг болох юм байна. Байгууллагууд зөвхөн хэрэглэгчдийг сонсож, тэдэнтэй бусад хүмүүсийн адилаар ярилцаж, тэдний найз болж чадсан нөхцөлд ашиг орлого олох боломжтой юм. Мөн байгууллага дотор ажиллаж байгаа ажиллагсад ч гэсэн хэрэглэгчид. Тэд байгууллагын захиран шатлах ёсыг нураахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Хэрэглэгчиддтэй найз болсон байгууллагууд тэдэнтэй харилцахдаа албан бус энгийн үг хэллэг ашиглах болно. Төлөвлөгөө, стратеги боловсруулаад байх ч хэрэггүй болох юм. Энэ бүх санааг 10 жилийн өмнө сэдсэн гэхэд үнэхээр гайхалтай.
За тэгэхээр 95 сэдэв нь надад маш сонирхолтой санагдсан тул хүн болгоны хүртээл болгох гээд орчуулчихлаа (заримыг нь махчилаад, заримыг нь утгачлаад орчуулчихсан, ойлгомжгүй байж магадгүй гэж бодоод англи хэл дээрхийг нь цуг орууллаа).



No comments:

Post a Comment