2009/08/28

Интернетийн эдийн засгийн үр ашгийг тооцоолсон нь

Дэлхийн тэргүүлэгч маркетингийн судалгааны байгууллага, TNS саяхан интернет хэрэглэгчид ямар зорилгоор интернет ухдаг болохыг тодорхойлжээ. Үүнд хэрэглэгчид :
1. Мэдээлэл хайх (81%)
2. Мэдээ унших (76%)
3. Онлайн банк ашиглах (74%)
4. Цаг агаар харах (65%)
5. Худалдан авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хайх (63%)
6. Брэнд эсвэл бүтээгдэхүүний веб-сайтаар зочилох (61%)
7. Төлбөр тооцоо хийх (56%)
8. Бичлэг үзэх (51%)
9. Үнийн харьцуулалт хийх (50%)
10. Хөгжим сонсох (44%) зорилгоор интернетээр хэсдэг байна.
Өнөө үед эдгээр зорилгуудыг интернет ашиглан саадгүй биелүүлж болно. Үнэгүй мэдээ мэдээлэл, зугаа цэнгэл, харилцаа холбоо, худалдаа наймаа, тэр ч байтугай сонгууль өгөх боломжийг гагцхүү интернетийн сүлжээ олгож байна. Энэ нь мөн бидний нийгмийн амьдарлыг өөрчилсөөр байгаа билээ.
Интернет эдийн засагт хэр их хэмжээний үр ашиг авчирсан вэ? Энэхүү асуултанд хариулах анхны том хэмжээний судалгааны тайлан энэ оны зургадугаар сард нийтлэгджээ. Судалгааг Interactive Advertising Bureau (IAB) – аас зохион байгуулсан бөгөөд Харвард, Камбриджийн нэртэй профессорууд судалгааг авсан байна. Судалгааны үр дүнд АНУ-ын эдийн засагт интернетийн оруулсан хувь нэмэрийг тооцоолж гаргажээ. Гол үр дүнгээс сонордуулахад :
· Интернетийн ачаар АНУ-д өнөөдөр 1.2 сая хүн шууд ажлын байртай болсон бөгөөд шууд бус ажлын байртайгаа нийлээд нийтдээ 3.05 сая хүн ажлын байртай болоод байна. Тэдний олж байгаа цалин нь 300 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа ба энэ нь АНУ-ын ДНБ-ний 2 орчим хувь юм.
· АНУ-ын эдийн засагт оруулж буй интернетийн шууд эдийн засгийн үнэ цэнэ нь 175 тэрбум ам.доллартай тэнцжээ. Үүнээс 20 тэрбумыг нь зар сурталчилгааны үйлчилгээ, 85 тэрбумыг нь жижиглэн худалдаа, 70 тэрбумыг нь интэрнэт үйчилгээ тус бүр бүрдүүлж байна. Шууд бус үнэ цэнийг нь тооцвол нийтдээ 444 тэрбум ам.долларын үнэ цэнийг интернет бий болгож байгаа юм.
· Одоогоор АНУ-д 190 сая хүн, сард дунджаар 68 цаг интернетэд суудаг ажээ. Энэ цаг хугацааг мөнгөн дүнд шилжүүлвэл 680 тэрбум ам.доллар болно гэж тооцоолсон байна.
· Интернетийн ачаар мөн жижиг бизнесүүд өсөн нэмэгдэж байна. Одоогоор 20 мянга гаруй интернетэд суурилсан жижиг бизнесүүд АНУ-д үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
Интернет эдийн засагт оруулж байгаа эдгээр хувь нэмэрээс гадна бусад тоогоор илэрхийлэхэд бэрхшээлтэй ашиг тусыг нь мартаж болохгүй билээ. Үүнд интернет бүтээмжийг дээшлүүлж, шинэчлэлийг хурдасгаж , харилцаа холбоог сайжруулж (АНУ-д гэр бүл бологчдын 19% нь интернетээр танилцасан байна) , тэр байтугай байгаль орчин хамгаалахад (цаас, шатахуун зэрэг байгаль орчин бохирдуулагч бүтээгдэхүүний хэрэгцээ буурсан) эерэгээр нөлөөлж байна.

No comments:

Post a Comment